Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, жирэмсний хяналтыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 10:23:35

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд "Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах" сургалтыг аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг сургалтаар тус аймгийн 15 сумын эмч мэргэжилтнүүдийн төлөөллийг хамруулсан байна.
Өмнөговь аймагт өнгөрсөн онд гурван эх эндсэн харамсалтай мэдээ бий. Тиймээс эх хүүхдийн эндэгдлийг бууруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нэн тэргүүний шаардлага байгаа юм. Эхлээд эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, улмаар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, түүнчлэн үр дүн гарахуйц цогц бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг удирдлагууд онцолж байна. Иймээс Өмнөговь аймгийн хэмжээнд "Эх хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарынханд цогц сургалтуудыг зохион байгуулж байгаа нь энэ ажээ.

Дээрх сургалтаар эхийн эндэгдэл түүнд нөлөөлөх хүчин зүйлс, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, жирэмсэн ба төрсний дараах үеийн үжил халдварыг илрүүлэх, эмчлэх арга, эх барихуйн тусламж үйлчилгээ гэсэн сэдвийн хүрээнд мэргэжилтнүүддээ номын дуу сонсгов. Эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлснээр тодорхой хугацааны дараа үр дүн гарна гэж үзэж байгаагаа аймгийн удирдлагууд хэллээ.

Дээрх сургалтын үр дүнд эмч сувилагч нарын мэдлэг ур чадвар дээшилж, бага насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл буурна гэж үзэж байгаа ажээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ