Жи тайм сүлжээнд элсэн мөнгөө алдсан иргэдээс мэдүүлэг авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 11:29:56
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Жи тайм сүлжээнд элсэн мөнгөө алдсан иргэдийг тус аймгийн цагдаагийн газраас дуудан мэдүүлэг авч эхэлжээ. 
Энэ талаар тус Цагдаагийн газраас мэдээлэл авах гэсэн боловч уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир ямар нэг тайлбар өгөх боломжгүй гэсэн юм. Ямартаа цагдаагийнхан өөрсдийн албан ёсны нүүр хуудсаараа дамжуулан Жи тайм сүлжээнд элсэн мөнгө төлсөн иргэдийг ирж уулзахыг хүссэн зарлал оруулсан байна.
"Жи тайм корпорейшн"ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Казакстан улсын иргэн Марат Маженов бараа бүтээгдэхүүн борлуулах, автомашинтай болгох нэрийдлээр Монгол Улсын иргэдийг төөрөгдүүлэн бэлэн мөнгө авч, онц их хэмжээний хохирол учруулсан юм. Тиймээс эрүүгийн хэрэгт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт ажлын хэсэг томилон иргэдээс байцаалт авч байгаа ажээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ