СҮХБААТАР: Нэгдүгээр сургуулийн барилгад 20 жилийн дараа их засвар хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-08 16:40:02

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн барилгын их засвар 90 орчим хувьтай үргэлжилж байна. Тус сургуулийн барилга нь ашиглалтад ороод 50 гаруй жил болсон бөгөөд 2005 оноос хойш 20 жилийн дараа их засварт орж буй нь энэ юм.


Сүхбаатар аймгийн ууган сургууль болох Д.Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд хийж буй олон ажлаас хамгийн том бүтээн байгуулалт нь энэхүү их засварын ажил юм.


Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй тус ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн "Тогоон төмөр констракшн" шалгарчээ. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор товлосон хугацаандаа засварын ажил эхлээгүй учир ажил удааширсан. Гэхдээ ойн баяраас өмнө бүрэн дуусгахаар нэмэлтээр хүн хүч ажиллуулж байгаа тухай гүйцэтгэгч талаас мэдээллээ.



Уг засварт сургуулийн нэг, хоёрдугаар байр бүгд хамрагдаж байгаа бөгөөд шалнаас бусад дотор талын бүх засвар бүрэн хийх юм. Харин гадна талын урсгал засварыг сургуулийн нөөцөөр, багш ажилтнуудын хүчээр хийж дуусгажээ.  


Нэгдүгээр сургууль 2000 гаруй сурагчтай. Одоогоор сургалтын үйл ажиллагаагаа төрийн байгууллагуудын болон бусад сургуулиудын заал, танхимд хичээллэж байна.  


Тус сургуулийн барилгыг 1971 онд барьж ОХУ-аас бэлгэдлээр хүлээлгэн өгч байжээ.


 

Холбоотой мэдээ