Чингис хаан Үндэсний музейд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-08 18:14:35

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэттийн хамт өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд зочлов.


Хүндэт зочдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авсан юм. Зочид тус музейн танхимууд дахь ховор үзмэрийг үзэж сонирхсоны дараа Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.


Мөн музейн тусгай үзүүллэгийн танхимаар зочилж, “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхов. Үүний дараа Амбан захирагч Саманта Мостин тус музейн Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.


Төгсгөлд нь Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад хийсэн айлчлалынхаа ач холбогдол, үр дүнгээр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өгөв. 

 

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостиний манай улсад хэрэгжүүлж буй айлчлал 2025 оны есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд үргэлжилж байна.



Холбоотой мэдээ