Монголын даамчид Токиод түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Японы нийслэл Токио хотод зуун буудалт даамын блиц, рапид төрлийн Азийн багийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Арлын оронд анх удаа болсон тус тэмцээнд манай улсаас их мастер Ц.Сүхбат, дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа, спортын мастер Н.Хангай, Б.Эрмүүнзаяа нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож алт, мөнгөн медаль хүртэв.
Тодруулбал, түргэвчилсэн буюу рапид төрөлд манай даамчид Тайванийг 8:0, Японы I, II багийг тус бүр 8:0, Макаог 7:1, Хонконгийг 8:0, Хятадыг 5:3-аар буулган авснаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Монгол, Хятадын хожлын харьцаа 3:3 байхад хоёрдугаар ширээнд тоглосон Дэлхийг даамын холбооны мастер Э.Даариймаа олон улсын мастер Сайяаг буулган авснаар багтаа ялалтын оноо авчирчээ.
Тэгвэл блиц буюу түргэн тоглолтод Тайвань, Макао, Японы I, II багийг тус бүр 8:0, Хонконгийг 7:1-ээр хожсон ч финалд БНХАУ-д 1:7-гоор хожигдсоноор мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Ийнхүү тивийн аваргаас хоёр медальтай эх орондоо ирж байна.