СҮХБААТАР: Энэ онд арван булгийн эхийг хашиж хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-08 17:04:20

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. 2025 онд Асгат, Халзан, Онгон, Эрдэнэцагаан, Уулбаян, Баяндэлгэр, Сүхбаатар, Түвшинширээ, Наран зэрэг есөн сумын 10 булгийн эхийг хамгаалжээ.

 

Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, хөрсөнд шон зоохгүй, мал шөргөөх боломжгүй налуу технологийг анх удаа нэвтрүүлсэн байна. Уг ажлыг орон нутагт 2022 оноос хойш хэрэгжиж буй Адапт төсөл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.

 

Тодруулбал, нийт төсөв нь 185 сая төгрөг. Үүний 70 хувь нь төслөөс, үлдсэн хувийг орон нутгаас санхүүжүүлжээ.


 

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг дээрх ажлыг хүлээн авч, тухайн сумын өмчлөлд шилжүүлсэн байна. Цаашид булгийн хашаа хамгаалалтыг мэргэжлийн байгууллагуудаас гадна ойр орчмын малчид хамтран хамгаалахыг уриаллаа.

 

Булгийн эхийг хашиж хамгаалснаар усны ундарга сэргэх, мал, зэрлэг амьтад ундаалах боломж бүрдэхийн зэрэгцээ эко систем бүрэн хамгаалагддаг байна.

 

Холбоотой мэдээ