Халдваргүйжүүлэх төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 10:30:45

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, халдваргүйжүүлэлтээр загвар аймаг болгох зорилготой Канадын Олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн зөвлөх Лэмис Томалти, тус нийгэмлэгийн дэд дарга н.Алтанцэцэг, ХӨСҮТ-ийн халдвартын мэргэжилтэн н.Цолмон нарын төслийн багийн төлөөлөгчид аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай уулзлаа.

Канадын Олон улсын нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа эмнэлгийг халдваргүйжүүлэх төсөл нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бөгөөд цаашид 9 аймагт хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Эдгээр 9 аймгаасаа энэ удаа  Сэлэнгэ аймгийг онцлон сонгожээ. Уг төсөл Сэлэнгэ аймгийн Зүүнхараад мөн хэрэгжих бөгөөд цусны банк шинээр байгуулж, тоног төхөөрөмж суурилуулах, ажиллах мэргэжилтэнг дадлагажуулж, чадваржуулах зорилготой гэнэ.

Энэ төслийн хүрээнд нийтдээ нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ хэмээн нийгэмлэгийн зөвлөх Лэмис Томалти хэлсэн. Мөн тэрээр “Гадаад оронд эмнэлгүүдэд аль болох олон халдвар илрүүлснээр ажлын үр дүнг нь тооцдог. Гэтэл монголд эсрэгээрээ халдвар гарах л юм бол муу гэсэн үнэлгээ өгдөг. Иймээс эмнэлгүүд халдвар илрэхээс айж, нуудаг. Энэ тогтолцоог бүр мөсөн үгүй болгоход төслийн зорилго чиглэгдэж байгаа. Аль болох олон халдвар илрүүлж, учир шалтгааныг нь олох тутам үйл ажиллагаа сайжирна” хэмээн хэлсэн юм. Сэлэнгэ аймгийн хувьд халдвар, нян судлал хоёроор мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй аж. Аймгийн дарга хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлээд хамгийн гол нь төсөл дуусахад тоног төхөөрөмж үлдэх бус, түүнд гаршсан чадварлаг мэргэжилтэн үлдэх нь чухал гэдгийг онцолсон. Канадын ОУ-ын нийгэмлэгийн зөвлөх Лэмис Томалти Сэлэнгэ аймагт 4 дэх удаагаа ирлээ. Аймгийн ЭМГ болоод НЭ-ийн дарга нартай уулзах хүсэл их байвч, боломж таарсангүй. Иймээс аймгийн даргын зүгээс анхааралдаа авч, төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ