Тарвага худалдан авсан иргэнийг 300 мянган төгрөгөөр торгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-10 18:52:09
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ-аас 15 тооны тарвагыг гар дээрээс худалдан авсан гэх иргэний зөрчлийг илрүүлэн, хуулийн хүрээнд 300 мянган төгрөгний торгууль, 4 сая төгрөгийн нөхөн төлбөрийн хариуцлага ногдуулсан байна. Тухайн иргэнээс хураасан тарваганы мах, арьсыг утгажээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт болсон байна.
“Ойрын үед хүмүүс тарвага агнах, худалдан борлуулах, хоол хүнсэндээ хэрэглэх байдал цөөнгүй ажиглагдах болсон. Хорио цуцлагдаагүй байгаа үед хууль бусаар тарвага агнах, худалдсан, худалдан авсан зөрчил баримт нотолгоотой илэрсэн тохиолдолд зөрчил гаргасан этгээд хуулийн хариуцлагаас зайлсхийх боломж байхгүй, хатуу хариуцлага авч ажиллана. Зөвхөн тарвага агнасан бус, тарвагыг худалдан авсан иргэнд хариуцлага оногдуулах тухай хуулийн заалт бий” хэмээн аймгийн МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Рина хэллээ.
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх, мөн монгол тарваганы тоо толгой цөөрч байгаатай холбогдуулан тарвага агнахыг 3 жилийн хугацаанд хориглосон. Гэтэл эдийн засгийн үр өгөөж болон хоол хүнсний зориулалтаар тарвага агнасан, худалдан борлуулсан, эд эрхтнийг нь худалдах явдал гарсаар байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ