Цөлжилттэй тэмцэх ӨМӨЗО-ы туршлагыг Монголд нутагшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2018-09-07 16:27:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчалын өдрүүдийн хүрээнд экологи, байгаль хамгаалал, цөлжилтийг бууруулах асуудлаарх Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-д боллоо.
Цөлжилт, хөрсний доройтолд өртөмхийд тооцогдох хуурай, гандуу бүс нутаг дэлхийн нийт газар нутгийн 41 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс үүдэн жилд 42 тэрбум ам.долларын хохирол учирдаг гэсэн судалгааг олон улсын байгууллагууд гаргажээ. Монгол орны  хувьд ой модны хууль бус ашиглалт, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа зэрэг нь цөлжилтийн цар хүрээг нэмэгдүүлж буй юм. Монгол Улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгааг эрдэмтэд танилцууллаа.
 
Хөрш Хятад улсад өнгөрсөн зууны эцэст жилд дунджаар 3.436 км газар цөлжиж байжээ. Харин энэ зуунд жилд 1.174 км газрыг цөлжих аюулаас хамгаалж чаддаг болсныг тус улсын эрдэмтэд хэллээ. Үүнд ӨМӨЗО-ы Экологийн байгууллагыг хөгжүүлж, иж бүрэн бодлого боловсруулан, ойжуулалтын ажлыг эхлүүлсэн нь томоохон түлхэц үзүүлснийг дурьдав.


 
Энэ үеэр ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, “Цөлжилт бол дэлхий нийтийн өмнө тулгамдсан томоохон асуудал болсон. ӨМӨЗО-ы судлаачид цөлжилттэй тэмцэх аргыг олон жилийн турш судлан, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Бид энэ туршлагаас нь суралцаж, Монголд нуташүууах юм. Өнөөдрийн хуралд БНХАУ-ын Цөлжилтийн хүрээлэнгийн захирал, ӨМӨЗО-ы ХААИС-ийн судлаачид, Монголоос ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, геополитикийн судалгааны төв оролцож байна” гэлээ.


 
ӨМӨЗО-ы ХААИС-ийн цөлжилтийн эсрэг салбарын багш, доктор Гао Ёон, “Бүс нутгийн усны нөөц, уур амьсгал, газрын байршлаас шалтгаалан цөлжилтөөс сэргийлэх арга өөр өөр байдаг. Бид цөлжилтөөс хоёр аргаар сэргийлж байгаа. Нэгдүгээрт, элсэнд хоолой байршуулах арга юм. Энэ нь хүчтэй усан буугаар газрыг гүнзгий нүхлээд ургамал суулгах арга юм. Усан буугаар газрыг нүхлэх үед их хэмжээний чийгийг хөрсөнд өгдөг тул ихээхэн үр дүнтэй байдаг. Мөн элсийг тогтоох бүрхэвчийн арга гэж бий. Тэр бүрхэвчийг ашиглаж ургамал тарих нь мөн үр дүн сайтай. Энэ аргыг ӨМӨЗО-ы нутгийн хойд хэсгээр түлхүү ашигладаг. Энэ хэсэг Монголтай хиллэдэг тул танай оронд ашиглах бүрэн боломжтой” гэв.
 
ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч Ж.Ундармаа, “Зүүн хойд Азийн бүс нутгийн байгаль орчны томоохон асуудал нь шороон шуурга. Шороон шуурга нь манай орны доройтсон бэлчээрээс үүсэх нь бий. Мөн уул уурхайн улмаас сүйдсэн талбайнуудаас тодорхой хэмжээнд шороон шуурга үүсч байгаа. ӨМӨЗО-ы хувьд салхинаас хамгаалах ойн зурвас байгуулахаас эхлээд олон арга нэвтрүүлсэн. Энэ бүх туршлагаас нь судалж, эх орныхоо унаган байгалийг сэргээх чиглэлд ажиллах болно” хэмээв.

Холбоотой мэдээ