ДАРХАН-УУЛ: Агаарын чанарыг хянах автомат станц ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-08-06 16:38:47

Дархан, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/ Байгаль орчны яам, БНСУ-ын Байгаль орчны корпорацын хамтын ажиллагааны хүрээнд  агаар, орчныг бохирдлыг бууруулах зорилгоор хянаж байна. Тодруулбал БНСУ-ын буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд агаарын чанарыг хянах орчин үеийн технологид суурилсан автомат станцыг өнгөрсөн сард байгуулсан.


Энэхүү автомат станц нь агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн зургаан үзүүлэлтийн агууламжийг бодит цагийн горимоор өндөр нарийвчлалтай 24 цаг тасралтгүй хэмждэг байна.




Тус станц ашиглалтад орсноор нүүрс, бусад шатах төрлийн материалууд, авто тээврийн хэрэгслээс агаарт ялгаруулж буй бохирдлыг хэмжиж, стандартаас давсан бохирдлыг хязгаарлах боломжтой ажээ.


Энэ нь орон нутгийн байгаль орчны төлөв байдлыг хянах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам үзүүлэх юм. Бохирдлыг хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал бууруулж чадна тус салбарын мэргэжилтнүүд онцолж байна.




Дархан-Уул аймгийн УЦУОШТ нь 1984 онд анх “Агро цаг уурын Дархан станц” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Өнөөдөр 40 жилийн дараа агаарын чанарыг хянах бүрэн автомат станцтай болж байгаа нь орон нутаг төдийгүй Монгол Улсын УЦУОШ-ний салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэдгийг аймгийн УЦУОШТ-ийн хамт олон тодотгож байна.

Холбоотой мэдээ