Бүгд Найрамдах Итали Улстай онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-06 17:10:02

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Иргэний хамгааллын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Агостино Горэтти, CIMA сангийн захирал Робэрто Рудари нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Бүгд Найрамдах Итали Улстай онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцан туршлага солилцох, алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл болон ган, зуд, үер, ой хээрийн түймэр, газар хөдлөлт зэрэг гамшиг, ослын үед хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Итали Улсаас Ази тивийн найман оронд хэрэгжүүлж буй “Байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтцийг бий болгох үндэсний хүчин чадавхыг нэмэгдүүлэх нь” төсөл хөтөлбөрт Монгол Улсыг хамруулж байгаад талархал илэрхийллээ.


Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета онцгой байдлын чиглэлээр илүү олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, онцгой байдлын салбарын чадавх олон улсын түвшинд хүрснийг тэмдэглэв.


Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ жил тохиож байна. 

Холбоотой мэдээ