ТӨВ: Баян, Баянцагаан, Сэргэлэн, Зуунмод суманд барга угсаатан төвлөрөн аж төрж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн, Зуунмод суманд барга угсаатан харьцангуй олноор оршин суудаг. Тэд энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болох "Баргажин-2025" олон улсын наадамд оролцохоор бэлтгэл базааж байна. Энэхүү наадмыг анх удаа Төв аймагт зохион байгуулж байгаа бөгөөд барга угсаатны уламжлалт соёл, урлаг, ёс заншил, ахуйн зан үйлийг олон түмэнд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр: "Наадмын үеэр Баргын толиот бөхийн барилдаан, түнх харвааны тэмцээн, баргайн наадаан, хал сурталчлах үйл ажиллагаа, цайны ёслол, гэрэл зураг, соёлын биет бус өвийн үзэсгэлэн, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, ардын болон зохиолын дуу дуулаачдын уралдаан, үлгэр туульчдын уралдаан, барга үндэсний хувцас зохион бүтээгдчдийн уралдаан зохион байгуулна" гэв.
Гурван жил тутамд болдог Баргажин наадмыг 2007 онд анх Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд, удаахийг 2011 онд Дорнод аймгийн Гурванзагал суманд, гуравдугаар удаагийн наадмыг 2015 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод зохион байгуулж байжээ.
Сонирхуулахад, Барга угсаатан Дорнод, Төв, Хэнтий, Булган, Завхан аймаг болон Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч байна.