М.Юнус: Бангладешт 2026 оны хоёрдугаар сард сонгууль болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАКА, 2025 оны наймдугаар сарын 6 /CNA/. Бангладешт 2026 оны хоёрдугаар сард сонгууль явуулна гэж тус улсын түр удирдагч Мухаммед Юнус мягмар гарагт мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн онд эсэргүүцлийн жагсаал өрнөж, засгийн газрыг түлхэн унагаснаас хойших анхны санал хураалт болох юм.
Ерөнхий сайд Шейх Хасинаг огцруулсны нэг жилийн ойд зориулсан нэвтрүүлэгт оролцох үеэрээ М.Юнус хэлэхдээ, түр засгийн газрын нэрийн өмнөөс би Сонгуулийн ерөнхий комиссарт захидал бичиж, сонгуулийг 2026 оны хоёрдугаар сард Рамадан сараас өмнө зохион байгуулах хүсэлт гаргана гэжээ.
Өдгөө 85 настай, Нобелийн энх
тайвны шагналт М.Юнус сонгууль явуулах хүртэл түр захиргааг ахлах зөвлөхийн
хувиар
удирдаж байгаа бөгөөд санал хураалтын дараа албан тушаалаасаа бууна гэдгээ амласан байна.
Өмнө нь М.Юнус сонгууль дөрөвдүгээр сард болно гэж мэдэгдэж байсан боловч лалын шашинтнууд дийлэнх хувийг
эзэлдэг 170 сая хүн амтай улсад лалын шашны ариун Рамадан сараас өмнө
санал хураалт явуулах шаардлагыг улс төрийн гол
намууд тавьжээ.
Сонгуулийг чөлөөтэй, тайван, баяр
ёслолын уур амьсгалтай явуулахад засгийн газрын зүгээс шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлнэ гэж М.Юнус хэлсэн байна.