ОРХОН: “Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 7/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Соёл урлаг, аялал жуулчлалын газар, Үлэг гүрвэлийн музейн урилгаар "Асаж буй толгод" хүүхдийн жүжгээ толилуулж байна. Энэхүү жүжгийг Монгол орноос олдсон үлэг гүрвэлүүдээс 12 төрөл зүйлийг онцолж, хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээсэн юм. Мөн кварц гэрэл, гурван талт дэлгэц болон бүх дүр нь баг өмсөж тоглодгоороо хүүхдүүдийн сонирхлыг татдаг. Тодруулбал, багийг бодит үлэг гүрвэлээс 5 дахин жижгэрүүлсэн хэмжээтэйгээр хийсэн буюу хамгийн том нь дөрвөн метр өндөр, зургаан метрийн урттай.
"Асаж буй толгод" жүжгийн уран бүтээлчид одоогоор нийслэл хотоос гадна Хөвсгөл, Булган, Өмнөговь, Дундговь аймагт бүтээлээ толилуулаад байна. Монгол орны үлэг гүрвэлийн амьдарлын тухай харуулдаг энэ жүжгээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэн, найз нөхдийн итгэлцэл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тухай танин мэдүүлэхээс гадна соён гэгээрүүлэх зорилготой гэдгээ онцолж байлаа.
Сонирхуулахад, энэхүү жүжгийг 2022 онд тайзнаа тавьж, "Гэгээн муза" наадмаас шилдэг зохиолч, найруулагч, зураач болон шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм.