“Хаадын зам-2025” үйл ажиллагаагаар хаад, язгууртны өв соёлыг сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-07 10:18:19

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Гурав дахь жилдээ “Чингис хаан” үндэсний музейн санаачилгаар "Хаадын зам-2025” үйл ажиллагааг энэ сарын 3-8-ныг хүртэл зохион байгуулж байна.


Соёлын өвийн дурсгалт газруудыг сурталчлан таниулах, түүхэн дурсгалуудыг судлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж буй.


Энэхүү ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Чингис хааны өлгий нутаг Бурхан Халдунаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум Орхоны хөндийг холбосон хаад, язгууртны холбоотой түүхийг судлах зорилготой юм.


Тус үйл ажиллагааг Төв аймгийн Мөнгөн-Морьт сумын Хэрлэнгийн Цагаан аралаас эхлүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сум Гүн Галуутайд Алтан ургийн язгууртан Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” яруу найргийн наадмын өдөрлөг, Баян сумын Өгөөмөрт Лигдэн хааны ордонд тоглож байсан монгол хаадын хөгжим “Чингис хаан” үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын тоглолтоор үргэлжилж, “ЮНЕСКО-гийн хүн төрөлхтөний соёлын биет бус өвд бүртгүүлсэн хөхүүрийн айраг исгэх уламжлал холбогдох зан үйлийг сурталчилсан “Хаадын ундаа айргийн баяр, Баянцагаан сумын Чихэртийн зоонд “Хаадын хүлэгч” адуучин тэмцээн, Баян-Өнжүүл сумын “Зоргол хайрхан”-д “Зураачдын нүдээр Зоргол хайрхан” хээрийн үзэсгэлэнг дэлгэж, Дэлгэрхаан суманд Цогт тайжийн хадны бичиг монгол уран бичлэгийн уралдаан зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан байна.


ССАЖЗЯ, “Чингис хаан” үндэсний музей, Төв аймгийн СУАЖЗГ, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Хөх бичиг” Бичиг соёлын академитай хамтран зохион байгуулж буй "Хаадын зам-2025”  үйл ажиллагааны хаалт, дүгнэлт хэлэлцүүлэг Өвөрхангай аймгийн Хархорин Орхоны хөндийд болох ажээ.


“Чингис хаан” үндэсний музей  хаад язгууртны холбоотой түүхэн дурсгалт газруудын талаарх тайлбар мэдээлэл, фото сурвалжлага, мэдээллийг цувралаар хүргэх юм.







Холбоотой мэдээ