Төсвийн хэлэлцүүлэгт оролцогчид хэмнэлтийг тэгшитгэх бус хэрэгжүүлэх чиг үүрэгт нийцүүлэх талаар саналаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-07 10:11:20

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Төрийн аудитын байгууллагын 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн  хэлэлцүүлгийг танхимын хэлбэрээр зохион байгууллаа. 


Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу Үндэсний аудитын газар танхимын хэлэлцүүлэгт урьсан цахим урилгыг нээлттэй хүргүүлжээ.


Хэлэлцүүлэгт Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, иргэний нийгмийн байгууллага, Эдийн засгийн сэтгүүлчдийн холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэд олон нийт оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав хэлэлцүүлгийг удирдан явуулсан бол Үндэсний аудитын газрын Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол 2026 оны төсвийн төсөл, зохион байгуулахаар төлөвлөсөн үйл ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулгыг хийв. 

Ирэх оны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хязгаараар Төрийн аудитын байгууллага нь 2025 оныхтой харьцуулахад эд хогшил, урсгал засвар болон хөрөнгө оруулалт, шатахуун, байр ашиглалт, томилолт, холбоо, мэдээлэл технологийн үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлэх зарим чиг үүрэг зэрэг үйл ажиллагааны зардал 20-100 хувиар бууруулахаар байгаа. Энэ нь төрийн аудитын үндсэн зорилт болох төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг төрийн байгууллагууд хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр нөлөөтэй зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж, тулган баталгаажуулах боломжийг зарим талаар хааж байгааг Тамгын дарга Б.Бундхорол тайлбарлалаа. Тэрбээр “Манай байгууллага төсвийн арвилан хэмнэлт, үр ашигтай байдлаар манлайлан ажиллах учиртай. Гэвч аудит хийж байгаа байгууллага дээрээ очиж ажиллах, төсвийн зарцуулалтаа үнэн зөв тайлагнасан эсэхийг газар дээр нь нягталж шалгахгүйгээр аудит хийх нь учир дутагдалтай” гэв.


Тиймээс тээвэр шатахуун, томилолтын зардал зэргийг ажлын онцлог байдлыг харгалзан эргэж харахыг хүслээ. Мөн хэлэлцүүлэгт оролцогчид хэмнэлтийг тэгшитгэх байдлаар бус хэрэгжүүлэх чиг үүргийн онцлогт нийцүүлэн төлөвлөх талаар саналаа илэрхийлэв. 


Тус танхимын хэлэлцүүлгээс гарсан болон цахимаар ирсэн саналуудыг нэгтгэн  холбогдох  байгууллагуудад хүргүүлэх юм.

Төрийн аудитын байгууллагын 2026 оны төсвийн төсөлд өгөх цахим саналыг энэ сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах ажээ. 



Холбоотой мэдээ