Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-07 09:26:16

 Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/.  Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар бага хурал Бүгд Найрамдах Туркменистан Улсын Аваза хотноо энэ сарын сарын 5-8-ны өдрүүдэд болж байна.


Энэхүү бага хуралыг 10 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд ирэх 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө баталдаг аж. Монгол Улсаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тус хуралд оролцож, далайд гарцгүйгээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулах, ирэх 10 жилд Авазагийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв.

 

Тэрбээр “Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэх”, “Бүс нутгийн хөдөө аж ахуйн судалгааны төв байгуулах” “Чөлөөт транзитын асуудлаарх Ерөнхий нарийн бичгийн Өндөр түвшний панел байгуулах” зэрэг ач холбогдол бүхий ажлууд ирэх 10 жилийн хөтөлбөрт туссан. Эдгээрийг улс орон бүр үндэсний хөгжлийн бодлогын баримт бичигтээ тусгаж, хэрэгжилтийг хангах нь чухлыг онцлов.


Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотноо төвтэй Олон Улсын судалгааны төвөөс ДГХБО-ын хөгжлийг дэмжих, эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан юм. 


Бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Бүгд Найрамдах Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Янг, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Боб Рэй зэрэг өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцож байна.

 

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дэлхийн хүн амын найман хувийг, газар нутгийн 12 хувийг хамардаг ч дэлхийн худалдааны сүлжээнд ердөө 1.2 хувийг эзэлж байна. Эдгээр улс нь эдийн засгийн хувьд тусгаарлагдсан, худалдааны өртөг өндөртэй хэвээр байна.  




Холбоотой мэдээ