Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-07 16:41:07

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Дэлхийн банкны Усны багийн зөвлөх Жэймс Тэй, Ганг Чин нартай “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн талаар санал солилцов.


Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байгаагийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн. Иймээс үерийн эрсдэлтэй бүсүүдэд хамгаалалтын хүчин чадлыг үе шаттай нэмэх "Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд нийслэлийн 22 байршилд нийт 102 км урт далан, дөрвөн байршилд хөв цөөрөм шинээр байгуулах юм. 


Дэлхийн банкнаас төсөл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, нийслэлийн нийт есөн байршилд 102 км үерийн хамгаалалтын далан, 40 км бохир усны шугам сүлжээг доторлох шинэчлэх ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллаж байна.


Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих ажээ. 

 

Холбоотой мэдээ