Худалдаа эрхлэгчдэд үнэгүй зөвлөгөө өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-07 15:36:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/.”Мишээл ЭКСПО”-төвд өчигдөр нээлтээ хийсэн “Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн худалдаанд 80 гаруй үндэсний үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь борлуулж байна.
Мөн Тайванийн 10 гаруй компани Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна бизнесийн түншээ хайж байна. Хоёр дах өдрөө үргэлжилж буй “Улаанбаатар Түншлэл” үзэсгэлэн-худалдаагаар эх орныхоо унаган зэрлэг байгальд ургасан “супер хүнс” хэмээн нэрлэгддэг хаан жимс чацаргана, нэрс, аньс, хуш модны самар болон хушганы самар зэргийг ашиглан хийсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд, байгальд ээлтэй хоёрдогч түүхий эдийг ашиглан хийсэн бэлэг дурсгалын болон гэрийн өнгө үзэмжийг чимэх бүтээлүүдийг нэг дороос авах боломж бүрдэж байна.  

"Жүр Үр"-ийн торт, жигнэмэгүүд бүгд үйлдвэрийн үнээр, өргөн сонголттой худалдаалж байна. “Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцогч ААН, иргэдэд "Ариг банк", "Обзерв консалтинг", "Вайлар партнерс" зэрэг санхүүгийн үйлчилгээний компаниуд банк санхүү, бизнесийн чиглэлээр үнэгүй зөвлөгөө өгч байна. Энэ жилийн “Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн худалдаа нь 43 дахь удаагийн арга хэмжээ болж байгаа юм. Үзэсгэлэн-худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилж есдүгээр сарын 10-нд үзэсгэлэнгийн шилдгүүдийг тодруулах юм.
 
Б.Болд

Холбоотой мэдээ