Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-07 18:45:37

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд барилга угсралтын ажил дуусаж, наймдугаар сарын 29-нд нээсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тус байршилд өнөөдөр ажиллажээ.


Тэрбээр ярихдаа, “Доороо 109 машины автомашины зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо. Тус байгууламжийг өндөр өртөгөөр бүтсэн шүүмжлэл гарсан.  Бид нийслэлийн төсвийг зохиодоггүй, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайдын норм, дүрмийн дагуу баталсан “эстиматор” программын дагуу төсөв зохиож барьсан. Хуучны Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулдаг байсан дархчид, гар урчууд зэрэг ЖДҮ эрхэлдэг байсан иргэдийн ажлыг байрыг хадгалах үүднээс СБД-ын 32-ын тойрогт Урт цагаан барилгын шинэчилсэн хувилбарыг барьж байна. Тус барилгын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд арван нэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно. Үүнээс гадна Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барих тухай төлөвлөж байна” гэлээ.


Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн автомашины зогсоол, ногоон байгууламж, усан толио, амрах талбай, задгай театр нь бүрэн хийж дууссан. Дөрвөн давхар үйлчилгээний барилга 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад орж, жуулчдад зориулсан үйлчилгээ явуулах юм. Мөн цаашид тус цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ хариуцан ажиллах ажээ. 




Холбоотой мэдээ