Уул уурхайн хууль бус үйл ажиллагааны талаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-03 11:59:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн хууль бус үйл ажиллагааны талаар геологич мэргэжилтэй иргэн Б.Батсайхан өнөөдөр сэтгүүлчдэд хандав.
Тэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хандгайт хэмээх газар “Болд төмөр Ерөө гол” болон “Инфинитиспэйс” зэрэг компани хуурамч тусгай зөвшөөрлөөр төмрийн хүдэр олборлож буй талаар УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг уул уурхайн салбарын холбогдох газруудад хандсан ч өнөөдрийг болтол нэг ч хариу ирээгүй  учир хуулийн байгууллагад хандсан гэлээ. Хандгайтад дээрх компаниуд олборлолт хийж байгаа нь хууль бус геологи хайгуул, олборлолтын мэдээлэл нь Ашигт малтмал, газрын тосны газарт байхгүй гэв. Энэ талаар салбарын сайд Д.Сумьяабазарт хандсан боловч асуудалд нухацтай хандахгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газарт дахин шилжүүлснийг тэрээр хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж байна гэж үзэн, энэ нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гарган дүгнэлт гаргуулахаар хандсан гэлээ. Хэрэв дээрх компаниуд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон нь тогтоогдвол хууль бус олборлосон орлогыг хурааж улсад тушаах хуультайг хэлж байв.
Б.Болд
Холбоотой мэдээ