135 төслийн 50 хувьд нь санхүүжилт олгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-08-31 12:58:48
 Увс /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээлийн төслийг дэмжих хүрээнд энэ жил Увс аймагт 800 сая төгрөг хуваарилагдсаны дагуу иргэдээс төслийг нь өнгөрсөн 3-4-р сард хүлээж авсан байна. Төслөө ирүүлсэн иргэдээс банкны шалгуур үзүүлэлт, жижиг зээлд тавигдах шаардлага зэргийг харгалзан үзээд ирэх 9-р сар гарсаар санхүүгийн дэмжлэг олгох ажлыг эхлүүлэх юм байна. Энэ хүрээнд жижиг зээлийг олгоход хамтран ажиллах Хаан банк, Төрийн банкны төлөөллүүд, ХХҮГ-ын удирдлага албан тушаалтнуудын зүгээс төслөө ирүүлсэн иргэдэд өчигдөр мэдээлэл, танилцуулга хийлээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүждэг энэхүү жижиг зээлийн төсөлд хамрагдахаар 135 иргэн төслөө ирүүлсэн байна. Эдгээрээс санхүүжилтийн 800 сая төгрөгт тулгуурлан 50 хувийг нь дэмжиж ажиллахаар болжээ. Хамгийн гол нь төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүд жижиг зээлийн төслийн шаардлага хангахаас гадна тухайн арилжааны банкаас тавьсан шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд санхүүгийн дэмжлэгийг олгох юм байна.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хүн амын дунд ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бизнес, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүгийн жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөл, бага хүүтэйгээр олгодог. Тодруулбал, хувь иргэнд 10 хүртэлх сая төгрөг, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоо бол 20 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 7,2 хувийн хүүтэй хоёр жилийн хугацаатай олгодог юм. Энэ жилийн тухайд 800 сая төгрөгийн санхүүжилт ирсэн бөгөөд 135 төслийн 50 хувийг нь дэмжихээр болсон” хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга Д.Цогт-Очир хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ