Хэнтийн хурал ажил арвинтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-28 14:11:14
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ нь өнгөрсөн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааныг долоон удаа хуралдуулж, “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026”, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн ИТХ-ын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зорилт, “Хэнтий аймгийн ойн менежментийн төлөвлөгөө-2030” зэрэг бодлогын баримт бичиг боловсруулан баталжээ.
 
Мөн аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлаар 52 тогтоол, Тэргүүлэгчдийн хуралдааныг 47 удаа хуралдуулж,170 тогтоол гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн “Төр түшилцсэн түмний элчүүд”, “Итгэл зүтгэл бүрэн эрх” зэрэг номыг хэвлүүлэн, Хэнтий нутгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын бүтээлийг нэгтгэсэн “Хан Хэнтийн салхи” номыг бүтээхэд хамтран оролцож, хууль сурталчлах “Дэвжээ” тэмцээнийг 18 сумын хэмжээнд 5000 гаруй хүнийг хамруулан зохион байгуулжээ.
 
Аймгийн Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, барилдаан, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жил, НӨУБ-ын 25 жилийн ой, Ахмадуудын аймгийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнүүдийг ивээн тэтгэн зохион байгуулсан аж.
 
Түүнчлэн “Хэнтийн мэдээ” сонинтой хамтран “”Хэнтийчүүдийн шинэ санаа, шийдэл” дэвтрийг 18 сум, 88 багт аялуулж, иргэдээс гаргасан саналуудыг эрэмбэлж, нэн тэргүүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой ажлууд сумдад зохион байгуулж байна.

Хамгийн сүүлд гэхэд энэ сард Баян-Овоо суманд Хэнтий аймгийн болон бүх сумдын хурлын төлөөлөгч нарын нэгдсэн сургалт, Чингис хотноо эмэгтэй төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтуудыг тус тус зохион байгуулаад байна.
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ