Баруун бүсийн хөдөө аж ахуйн салбарынхан зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-08-27 16:35:01
Увс /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Баруун бүсийн зөвлөлгөөн Увс аймагт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Зөвлөлгөөнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан тус яамны ахлах мэргэжилтнүүд, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 250 гаруй хүн оролцсон юм.
Зөвлөлгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцлаа. Тэрчлэн хөдөө аж ахуйн салбарынхан шат шатандаа өндөр зохион байгуулалттай байж, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, бүтээлч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нийт албан хаагч, ажиллагсдад хандан уриалсан юм.
Найм, есдүгээр сар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд намрын ургацыг хугацаанд нь амжилттай хураан авах бэлтгэл хангах, ургацаа хураах, хадлан, тэжээлээ бэлдэх, өвөлжөө бууцаа эмхлэх гээд хагас цэргийн зохион байгуулалт, өндөржүүлсэн бэлэн байдлыг шаарддаг үе. Тиймээс энэ үед салбарын бүсийн зөвлөлгөөнөө зохион байгуулж, энэ оны зорилтын хэрэгжилт, эрчимжүүлэх шаардлагатай ажлууд, өвөл, хаврыг өнтэй давах тактикаа боловсруулж, газар зүйн байршил, орон нутгийн онцлог ойролцоо аймаг, сумд харилцан туршлага солилцсон нь үр дүнтэй ажил боллоо хэмээн баруун бүсийн зөвлөлгөөнд оролцогчид онцолж байв.
Б.Батхүү


 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ