Улаан буудайн ургацын 54.3 хувийг хурааж авах төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-24 14:36:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын ургацын комисс өнөөдөр хуралдаж энэ оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлөвийн мэдээллийг сонсож ургац хураалтын технологийн зөвлөмж гаргалаа.
Энэ оны ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн ургац хураан авах юм. Үүнээс 259.2 мянган тонн буудай хураан авах бол төмс 102.3 мянга, хүнсний ногоо 75.7 мянга, тосны ургамал 23.6 мянга, малын тэжээл 47.3 мянган тонныг тус тус хураан авахаар байна.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбайн ургац алдаж, 15.2 мянган га талбайн ургац тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3 хувийг хураан авч хэрэгцээт гурилынхаа 52.5 хувийг үйлдвэрлэхээр байгаа бол төмсний 74.5 хувийг, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц хэмжээний  ургац хураан авах урьдчилсан төлөв гарчээ.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулууны хэлснээр “Хаврын тариалалтын дараа цаг агаарын байдал тогтворгүй байсан. Таримал ургамалд хамгийн их чийг шаардагдах хугацаа болох 5-6-р сард газар тариалангийн төвийн бүс нутгуудын зарим хэсгээр хур тунадас багатай байсан учраас нэлээд талбай энэ жилийн тухайд тэжээл рүү шилжсэн үзүүлэлт гарч байна. Тухайлбал, цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 8.1 мянган га талбайд ургац алдаж, 17.6 мянган га талбай тэжээлд шилжсэнээр нийтдээ 25.7 мянган га талбайн ургац хураагдах боломжгүй болсон. Нийт хурааж авах буудайн хуваарилалтыг хийсэн. Дараа жилийн  тариалалтын үрийг нөөцлөхөөр ААН, иргэд 51.2 мянган тонн үрийг нөөцлөхөөр төлөвлөж байна. Үрийн зориулалтаар борлуулах 14.9 мянган тонн буудайны хэмжээ гарч ирж байгаа. Энэ жилийн тухайд ОХУ-аас 6 мянган тонн элит үр, 2 мянган тонн сортын үр нийтдээ тариалан  эрхлэлтийг дэмжих сангаас 31 мянган тонн үрийн буудайн дэмжлэг үзүүлсэн. Тэжээл үйлдвэрлэлд 18.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 11.1 мянган тонныг хуваарилж, гурил үйлдвэрлэлд нийтдээ 303.4 мянган тонн буудай нийлүүлэх тооцоо гарч байна. Бид төлөвлөснөөрөө тариалалтаа авч чадах юм бол дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах нөхцөл үүснэ. Цаг агаарын байдал тогтвортой байвал ургацаа заасан хэмжээнд алдагдалгүй хураан авах бүрэн бололцоо техник тоног төхөөрөмж хүн хүч бий” гэв. Тэрээр цааш нь хаврын тариалалттай холбоотой хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар хэлэхдээ, “Засгийн газраас 2017-2018 оны гурилын хэрэгцээнд зориулж хүнсний 215 мянган тонн, 10 мянган тонн үрийн улаан буудайг гааль болон НӨАТ-аас чөлөөлснөөр гурилын үнэ хангамжийг тогтворжуулах нөхцөлийг бүрүүлж ажилласан. Энэ жил тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжлийг хангах зорилгоор аймаг нийслэлийн ИТХ-ын  шийдвэрийг үндэслэж, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий зэрэг 7 аймгийн 60 сумын 113 багийн нутгийг хамруулан тариалангийн бүс нутгийг тогтоосон шийдвэрийг гаргаж орон нутагт хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа. ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригийн шийдвэрээр тариалангийн бүс нутаг болгож зарласан 7 байршилд нийтдээ 4.1 тэрбум төгрөгийг өртөг бүхий 430 км хашаа барих ажлыг ААН-үүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтын тендер зарлаж ажлаа эхлүүлээд байгаа. Тариаланчдад шаардлагатай шатахууны дэмжлэгийг үзүүлсэн. Нийтдээ тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж 11.6  тэрбум төгрөгийн өртөг бүхий 6 сая литр шатахууныг орон нутгийн ШТС-уудаар дамжуулж 1100 ААН-д 50 хувийн урьдчилгаа нөхцөлтэйгөөр олгосон” гэв. 
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9 дүгээр сар бүхэлдээ дунджын орчим буюу 35-40 мм хур тундастай, мөн дунджын орчим дулаан байх төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, богино хугацаанд, хаягдалгүй шуурхай зохион байгуулах нь чухал байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлон хэлээд Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж өглөө.
Б.Болд
 
Холбоотой мэдээ