Туркт шахалт үзүүлэхийг Ирак уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-09 11:20:40

БАГДАД. /Xinhua/. Иракт оруулсан цэргээ яаралтай эргүүлэн татах талаар Туркт шахалт үзүүлэхийг Иракийн  Ерөнхий сайд Хайдер Абади НАТО-д уриалав.

“Иракийн Засгийн газарт мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр Турк цэргээ оруулсан бөгөөд хоёр өдрийн дотор  эргүүлэн татахыг дипломат замаар Ирак Туркээс шаардсан” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярих үеэрээ Абади хэлсэн байна.

“Иракийн бүрэн эрхт байдалд халдаж буй хэрэг тул НАТО эрх мэдлээ ашиглан Туркийг Иракийн газар нутгаас цэргээ яаралтай эргүүлэн татуулахад хүргэх ёстой” гэж Абади хэлжээ.

“Иракийн хилийг ямар ч шалтгаанаар Турк зөрчихийг зөвшөөрсөн гэрээ болон гарын үсэг зурсан хэлэлцээр байхгүй тул Иракийн бүрэн эрхт байдал, газар зүйн хил бол давж үл болох хязгаар юм” гэж Абади тэргүүтэй Иракийн Сайд нарын зөвлөлийн мэдэгдэлд дурдсан билээ.

Иракт Турк цэргээ оруулсан асуудлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авахыг Сайд нарын зөвлөл Абадид даалгасан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ