Үерээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-15 22:06:03
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 өдөр усархаг бороо Дархан, Сэлэнгийн нутгаар орох мэдээллийг Дархан-Уул аймгийн Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний төвөөс өгч байна. Тиймээс аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд аймгийн Онцгой комиссын гишүүд үерийн далангуудыг шалган, үерээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
 
Дархан сумын доторх болон гадна тойрогт нийт 59 км урт үерийн далангийн суваг шуудуу байдаг аж. Эдгээр суваг шуудууг хавар цэвэрлэсэн учраас зуны бороог ажралгүй давсан гэж онцгой комиссын гишүүд үзэж байна.
Харин өнөөдрийн байдлаар үерийн далангийн таван том уулзвар борооны усанд урсаж ирсэн шороо, өвс, чулуу, хог зэргээр бөглөрсөн байдалтай байна.

Тиймээс “Дархан Ус суваг” ХК, “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК зэрэг томоохон байгууллагуудын  техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр дээрх үерийн далангуудыг цэвэрлэхээр төлөвлөлөө. 
Аймгийн Онцгой комиссын гишүүд үерийн далангуудыг шалгах явцдаа Дархан сумын 7 дугаар багийн нутаг Тээвэрчдийн гудамжны шинэ авто замын дагуу үерийн далан шинээр барих шаардлагатай гэж үзжээ. Тус асуудлыг аймгийн ИТХ-д танилцуулж шийдвэрлэхээр боллоо.

Бороо хур орвол голын усны түвшин дахин нэмэгдэх аюултай. Тиймээс голын айл саваар нутаглаж буй малчид, тариаланчид, айл өрхүүд өндөрлөг газарт нүүн суурьших шаардлагатай байгаа талаар аймгийн Онцгой Байдлын газраас сэрэмжлүүлж байна.
 
Л.Отгонбаатар
 
 
Холбоотой мэдээ