Зарим гэр хорооллын айлуудыг инженерийн шугам сүлжээнд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-14 22:44:48
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 7, 8 дугаар багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох бүтээн байгуулалтын ажил энэ оны 7 дугаар сараас эхэлжээ. 
Энэхүү бүтээн байгуулалтын нийт өртөг 4.7 тэрбум бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа аж.Энэ жил 600 сая төгрөгийн төсөв батлагдсанаар ажил ийнхүү эхлээд байгаа юм.
2018 онд 2 насос станцын байрыг барих бөгөөд энэ хүрээнд 3 км дулааны шугам, 4 км ариутгах татуурга буюу бохир усны шугамын ажил хийх ажээ. Энэ шугамыг хоёр гудамжны дунд нэг байхаар тооцож хийн, эндээс айл өрхүүд өөрийн хашаа руугаа татах боломжтой талаар гүйцэтгэгч байгууллага болох “Цагаан зуун” ХХК-ийн захирал Р.Амарсайхан мэдээллээ.
Дээрх багууд 8,0-10,0 мянган хүн амтай томоохон багууд юм. 8 дугаар багийн тухайд орон сууц, гэр хороололтой бол 7-р баг нь дан гэр хороололтой юм.
Инженерийн шугам сүлжээнд холбох ажил 2019 оны 11 дүгээр сард бүрэн дуусах ажээ.
 
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ