Лазер болон фото эмчилгээний аппарат хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-03 15:23:41
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Засаг дарга С.Насанбат болон холбогдох удирдлагууд өнөөдөр /2018.08.02/ Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 2 ширхэг Фото эмчилгээний аппарат, Сэргээн засах тасагт 1 ширхэг лазер аппарат нийт 8.7 сая төгрөгийн өртөг бүхий 3 аппаратыг хүлээлгэн өглөө.
Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгаар жилд 3800 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдгээс 350 орчим нярай хүүхэд байдаг аж. Тэдний 250 гаруй нь нярайн шарлалт гэсэн оношилгоотойгоор хэвтэн эмчлүүлдэг гэнэ. Өнөөдөр хүлээлгэн өгсөн 2 Фото аппарат нь нярайн шарлалтыг эмчлэх зориулалттай ажээ. Энэ төрлийн аппарат Хүүхдийн тасагт нэг байдаг ч овор хэмжээ ихтэй зөөвөрлөх боломжгүй, зөвхөн сэхээний тасагтаа хэрэглэдэг ажээ.

Харин энэ онд аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд шинээр орчин үеийн 2 аппараттай болсноор нярайн шарлалтыг цаг алдалгүй хурдан эмчлэх нөхцөл бүрдэж буйд Хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүд талархаж байна.
Мөн Сэргээн засах тасагт хүлээлгэн өгсөн 1 ширхэг лазер аппарат нь арьс, зөөлөн эд, яс зэрэг бүх эдэд үүссэн гэмтлийг нөхөн сэргээх зориулалттай. Тус аппарат нь соронзон, гэрлийн, хэт ягаан туяаны цацрагийн эмчилгээний аппаратуудыг нэг дор орлож, олон төрлийн эмчилгээг үзүүлэх боломжтой юм. Эмчилгээний үр дүн ч энгийн аппаратаас илүү өндөртэй хэмээн мэргэжлийнхэн үзэж байна.

2017 оноос эхлэн Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн салбарт чиглэсэн төслүүдийг ийнхүү хэрэгжүүлж, эмнэлэгт шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ