БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ өнгөрсөн сард буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-09 13:26:09

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын экспорт болон импортын хэмжээ өнгөрсөн наймдугаар сард мөн буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт дотоод болон гадаадын эрэлт сул байгааг харуулж байна.

БНХАУ-ын гаалийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, наймдугаар сард экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар багасан 196.8 тэрбум доллар болжээ. Тус улсын экспортын хэмжээ хоёр сар дараалан буурсан нь энэ юм.
Европ болон Япон руу гарсан хувцас, гутал болон компьютерын тоо өнгөрсөн сард буурсан гэж албаны хүмүүс хэлэв.
Импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.8 хувиар бууран 136.6 тэрбум доллар болжээ. Тус улсын импортын хэмжээ 10 сар дараалан буурлаа. Европ, АНУ болон Японоос машин, авто машины сэлбэг болон металл боловсруулах машин худалдан авах нь буурсан байна.
БНХАУ энэ онд худалдааны хэмжээгээ зургаа орчим хувиар нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Гэхдээ наймдугаар сарын байдлаар, нийт худалдааны өртөг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.5 хувиар буурчээ.
Олон арга хэмжээ авч, тухайлбал дэд бүцтийн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих замаар Бээжин эдийн засагтаа дэмжлэг үзүүлэхийг хичээсээр байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд