Монгол Улс ойг ашиглаж, хамгаалах нөхөрлөлүүд ажиллуулснаар түймэр 10 дахин буурчээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2018-07-05 16:11:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын Бага хурал дээр оролцогч талуудын олон улс орны төлөөлөл өөр өөрийн оронд гамшгийн эсрэг тэмцэж, авч хэрэгжүүлж буй арга туршлагаа хуваалцаж байна.
Бага хурлыг зохион байгуулагч Монгол орны тухайд эрхзүйн хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар шинэчлэн баталж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага жилийн төсвийн 1.0 хувийг, хувийн хэвшлийн ААН жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй зардлыг гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулж байхаар хуульчилж тусгасныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бага хурлын нэгдсэн хуралдаанд дээр мэдээлж байсан бол “Гамшгийн эсрэг үндэсний Төв” ТББ-ын ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, манай улсад ойн түймэртэй тэмцэхэд ойн нөхөрлөлүүдийг байгуулан ойг хамгаалж хариуцан ажиллаж буй туршлагаа танилцуулсан юм. Тэрээр, манай орны хувьд нийгмийн зүгээс иргэд сайн дурын үндсэн дээр байгуулсан ойн нөхөрлөлүүдийг төр, засгийн түвшинд дэмжин ажилласны дүнд өмнө нь жилд 680 удаа гардаг байсан ойн түймэр 60-70 болж буурсан дүнтэй байгаа талаар Бага хурал дээр танилцуулсан юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад 1281 ойн нөхөрлөл 3.4 сая га ой, 920 ААН 0.7 сая га ойг гэрээгээр эзэмшин ашиглаж байгаа бөгөөд ойн аж ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад зарим бэрхшээл тулгарч буй талаар Монголын Байгаль орчин иргэний Зөвлөлийн гишүүн Ч.Оюунчимэг хөндөж байв. Тэрээр цаашид бүс нутгуудад ойн нөхөрлөлийн цогцолборууд байгуулах, ингэхийн тулд ойн эзэмшлийн асуудлыг шийдэх оновчтой механизмыг бий болгох, ой, модны салбарын шинэчлэлийг эхлүүлж, энд оролцогч талууд, олон улсын төсөл хөтөлбөр, хандивлагч орнуудын болон бусад эх үүсвэрийг ашиглан ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээ, хамгаалалтын ажлын үнэлгээг нэмэгдүүлэх, хөнгөлөлт урамшууллын механизмыг оновчтой болгоё гэсэн саналыг салбар хуралдаан дээр тавьсан юм.
Б.Болд
 
Холбоотой мэдээ