Ардчилсан хувьсгалын анхдагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд 44-70.4 тэрбум төгрөг шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-24 17:51:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна. Коммунист БНМАУ-ын удирдлагыг огцруулж, олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монгол улс ардчиллын замаар замнах үндэс суурийг тавьсан анхдагчдын гавьяаг үнэлж, төр бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байгааг хууль санаачлагч С.Эрдэнэ гишүүн хэллээ.

Одоогийн байдлаар ардчилсан хувьсгалын анхдагч 1100 иргэн байгаа бөгөөд тэдний орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд 44-70.4 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцооллыг төсөл санаачлагч хийжээ. Мөн жил бүр бусад тусламж, хөнгөлөлт олгоход 2.7-5.3 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн, “Улс орны нийгэм, эдийн засаг тэр дундаа ахмадуудын амьдрал хүнд байна. Тиймээс ахмадуудыг дэмжих чиглэлд Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ. 1990 онд тайван замаар хийсэн ардчилсан хувьсгал бол Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн түүхэнд тодоор бичигдсэн гэдгийг Я.Санжмятав гишүүн дурьдаад, уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Мөн үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан, “1990 оноос хойш иргэдийн амьдрал доройтож байна. Цалин, хөлсөө нэмүүлэх гээд талбайд дээр олон хүн сууж байна. Бид үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр миний бие дараагийн чуулганы хуралдааны үеэр оффшор бүст данстай иргэдийн нэрийг зарлах болно” гэлээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат чуулганы нэгдсэн хуралдааны ирц хангалтгүй байгаа тул хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг маргааш буюу энэ сарын 25-ны хуралдаанаар явуулах хэрэгтэй хэмээгээд түр завсарлага авлаа.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ