“Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 15:33:00

Хэнтий аймгийн Засаг даргын санаачилсан “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөр Хэнтий аймагт 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, 1049 иргэнийг архины хамаарлаас татгалзуулжээ.

Чингис хотноо өчигдөр “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид, Монголын сайтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар, аймгийн ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах, ДЗМОУБ-ын ХНХХ-ийн багийн ахлагч Э.Цэцэгсайхан тэргүүтэй удирдлагууд оролцлоо. Түүнчлэн “Эр зориг, итгэл найдвар, аз жаргал” уриан дор зохион байгуулж буй “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд 18 сум, 4 тосгоны удирдлагууд, “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд архины хамаарлаас татгалзсан иргэдийн төлөөлөл нийлсэн 300 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцож байгаагаас гадна Чингис хотын төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцов.

 Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар чуулганы нээлтийн үйл ажиллагаанд зориулж хэлсэн үгэндээ “Амьдрал хэмээх эгэл бус ертөнцөд алдаж эндэхийн аль нь ч та бидэнд тохиолдож болох юм. Харин гагцхүү гаргасан алдаагаа засах итгэлийг бусаддаа өгч байх нь чухал” хэмээн дурдсан юм.

 Нээлтийн үйл ажиллагааны дараа сумдаас ирсэн багуудын дунд марафон гүйлтийн тэмцээн болж, 35-н тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд соёл урлаг, спортын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд 12 сарын 2-ны өдрийн үйл ажиллагаа “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд чуулганаар үргэлжлэх аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ