БНХАУ-д зорчих 30 хоногийн хугацаанд ажилд зуучилна гэсэн хувь хумүүст хууртагдахгүй байхыг сэрэмжлүүлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
dogsom@montsame.mn
2018-05-18 10:51:43
Хөх хот /МОНЦАМЭ/. Урь унаж аялал жуулчлалын улирал эхэлж байна. Иймд ӨМӨЗО-ны Хөх хотоор зорчих болоод ажиллаж амьдрахаар төлөвлөж буй хэн нэгэнд хэрэг болж юуны магад гэх үүднээс үүнийг бичлээ. Тэмдэглэлээ эхлэхийн өмнө Гадаад харилцааны яамны Консулын газраас гаргаж байсан нэгэн сэрэмжлүүлгийг эргэн сануулья.
Хэрэв та санаж байгаа бол сар гаруйн өмнө“Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хумүүст хууртагдахгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэсэн албан ёсны сэрэмжлүүлэг гарч байв. Газар дээр нь ирээд үзэхэд нээрээ ч ийм сэрэмжлүүлэг гаргахгүй байхын аргагүйд хүрээд нийтэд ил цагаан зарласан бололтой хэмээн бодогдов.
Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд манай улсын иргэд 30 хоногийн хугацаанд урд хөрш рүүгээ чөлөөтэй зорчдог. Гэтэл сүүлийн үед 30 хоногийн хугацаанд ажил хийж яваад баригдан, хар тамга даруулсан тохиолдол цөөнгүй гарах болсон байна. Өвөрмонголчуудтай уулзахад ч тэд мөн ялгаагүй хувийн харилцаан дээр үндэслэж аман тохироогоор ажил хийхээр ирэхийг сайн зүйлд тооцохгүй байна. “Хэрэв цалин цагаагаа авч чадахгүйд хүртэл энэ олон хүн дотор зуучлагч хүнээ олж дийлэхгүй ш дээ” хэмээн ярьж байх юм.
Тэгтэл өөр нэг бодууштай асуудлын тухай энд заавал дурдах хэрэгтэй болох нь. Хятадын хил дээр зорчигчдын хурууны хээ авдаг ажил өнгөрсөн сараас эхэлжээ. Шалганы ажилтанд паспортоо өгсөний дараа тусгайлсан, нэг их томгүй дэлгэц дээр зүүн гарын дөрвөн хуруугаа, дараа нь баруун гарын дөрвөн хуруугаа, хамгийн сүүлд нь хоёр эрхий хуруугаа тавих ба энэхүү дарааллыг монгол хэлээр зааварчилгаа болгон хэлж өгч байв. Энэ нь дараагийн удаад би гэдэг хүн хил гаалийн ажилтнуудад паспортаа өгч шалгуулан өөрөө өөрийгөө хэн болохыг нотлох шаардлагагүй. Хурууны хээгээрээ хилийн бүс давдаг болох нь. Үүний цаана тус улсын хилээр гарч орсон миний түүх архивлагдаж үлдэх нь гэж ойлгов. Энэ ажил эхэлснээр визний хугацаа хэтрүүлсэн монгол иргэдийг хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа гэж хамт явсан зорчигч сонин болгож хүүрнэв.
Өвөрмонголын өөртөө засах орон 25 сая хүнтэй. Хөх хотдоо 3 орчим сая хүн оршин суудаг. Өвөрмонгол бол монголчуудын ажиллаж амьдрах хамгийн таатай бүс нутгуудын нэг юм. Хэл ус, цаг агаар, хоол хүнс, хил залгаагийн дээр сэтгэлгээний хувьд ойролцоо гээд давуу талууд ихтэй. Өвөрмонголчууд ч бидэнтэй хамтарч ажиллах сонирхол өндөртэй юм. Ялангуяа, соёл урлаг, боловсрол, нийгмийн ухааны салбарынхантай хамтарч ажиллах дуртай байдаг бололтой. Басхүү ойрын ганц нэг жилд үсчин, оёдолчин, малчин, гар хөлийн хумс засдаг гээд төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийг Хөх хот, Шилийн гол, Алшаа зэрэг монгол үндэстнүүд олноор суурьшсан газарт авчирч ажиллуулах болжээ. Тэдгээр улсын дийлэнх нь мөн л дээр дурдсан 30 хоногийн хугацааны зорчих эрхийн хүрээнд орж ирсэн хүмүүс байдаг бололтой. Ажил амьдрал нь урагштай, дэгжиж дээшлээд яваа монголчууд ч олон аж. Тэдгээр иргэдийг өвөрлөгч ах дүүс маань ажилтай анхилтайг шагшин магтах юм. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр архи уудаг, зодоон цохионд оролцдог, овоо ажиллах нь уу гэтэл цалингаа аваад сураг тасардаг гээд монголчуудын тухай саар мууг давхар сонсож л явав.
Болж бүтэж явбал төрөөсөө юм гуйдаггүй ард түмэн бол монголчууд гэсэн яриа бий. Хар толгойгоороо болгох гэж яваад шорон оронд орсон хүн ч цөөнгүй гэнэ. Одоогийн байдлаар гэхэд 40 гаруй хүн энэхүү бүс нутгийн хориход хоригдож байна. Өнөө л хар тамхины гай. Бага хугацаанд их мөнгө хийх гэсэн сонирхолдоо хөтлөгдсөн үү эсвэл муу арга зальтай хүмүүст хууртагдсан уу 15-20 жилийн хорих ялтай хорь гаруй насны залуу хүртэл бий гэх. Үүний сацуу золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдол ч гарсаар байгаа аж. Өнгөрсөн онд гэхэд 20 гаруй хүн амиа алдсан бол он гарсаар 4-5 хүн нас барсан гэх хар мэдээ сонстов.
Энэ мэтээс ургуулж бодохоор аливаа хүн өөрийн улс орондоо гэлтгүй гадаад улс оронд ч сайн түүхтэй байх шаардлага хэн хүний өмнө тулгарч байна.  Хүний амьдрал баян. Аялж зугаалах, найз нөхдийнхөөрөө зочлох, сурч боловсрох, эм эмнэлэг бараадах гээд ямар нэг хэрэгцээ хэзээ нэгэн цагт амьдралаас урган гарна гэдгийг бодолцож, тухайн улсынхаа хууль дүрмийг биелүүлж явах нь өнөөдөртөө болоод хэтдээ өлзийтэй байх нь байна шүү. Тиймээс л ГХЯ-наас гаргаж буй зөвхөн Өвөрмонголтой хамааралтай гэлтгүй бүхий анхааруулга сэрэмжлүүлгийг чихний хажуугаар өнгөрүүлэхгүй уншиж сонсож, амьдрал ахуйдаа тусгаж явууштай. Хүний газар, гүний хошуунд ирчихээд хаачихаа мэдэхгүй хар толгойгоо шаан дээшээ тэнгэр хот, доошоо газар хатуугийн зовлонд нэрвэгдэж суухаар наана нь асуудалд нухацтай хандах нь таны санхүү, цаг хугацаа, амь насны баталгаа болох нь.
Үнэхээр ядардаг дээрээ тулвал Хөх хотноо манай улсаас суугаа Ерөнхий Консулын газар ажилладаг гэдгийг тогтоод авахад илүүдэхгүй. Тус Ерөнхий Консулын газрыг 1957 он байгуулсан. Гэвч хоёр орны харилцаа сайнгүй байсан тул хоёр жилийн дараа татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Хоёр орны харилцаа 1980-аад оны үеэс сайжирч, улмаар 1989 онд дахин сэргээн байгуулсан. Ерөнхий Консулын газар нь БНХАУ-ын болон гадаадын иргэдэд Монгол Улсад зорчих виз олгох, нотариатын үйлчилгээ үзүүлэх, удаа ба түр хугацаагаар оршин суугаа иргэнээ бүртгэх, өргөдөл гомдол авч барагдуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Манай улсын иргэд Е серийн үндэсний энгийн гадаад паспортоор 30 хоногт визгүй зорчдог гэдгийг дээр өгүүлсэн. Энэ хугацаанд хилээр буцаж гараагүй тохиолдолд хууль бусаар оршин сууж байгаа гэх зөрчилд холбогдон хоног тутамд 500 юанийн мөнгөн торгууль хүлээдэг. Хэрэв торгуулиа төлөхгүй бол албадан саатуулагдаж, ял шийтгэл хүлээх дээрээ тулдаг. Харин урд хөршид ажиллах, суралцах, эмчлүүлэх, түүнийг асран хамгаалах үүднээс 30 хоногоос дээш хугацаанд байх тохиолдолд визээ сунгуулах асуудлыг хүлээж авсан байгууллага буюу сургууль, эмнэлэг, албан ажилдаа хандаж тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн газраар шийдвэрлүүлэх боломжтой хэмээн Ерөнхий Консулын газраас зөвлөж байна.
Б.Туул
 

Холбоотой мэдээ