Цагаан ноолуур 115 мянган төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-15 09:15:19
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт ноолуурын үнэ 115 мянган төгрөгт хүрч, ханш өсчээ. Улирагч оны мөн үед 65-70 мянган төгрөгөөр худалдан авч байсан цагаан ноолуурын үнэ ийн өссөн байна. Өнгөт ноолуур үнэ өмнөх жил 56-60 мянга байсан бол бараг хоёр дахин өсч, 105 мянган төгрөгт хүрчээ.
Ноолуурын үнэ өндөр байгаа ч, аймгийн төвд нийлүүлэлт муу байгааг түүхий эдийн худалдаачид ярьж байна. Энэ нь сумдаар томоохон ченжүүд газар дээрээс нь худалдан авалт хийж байгаатай холбоотой гэнэ. Баянхонгор, Улаанбаатар, Хөвсгөл, Архангай зэрэг аймгийн ченжүүд ийнхүү сумдаар худалдан авалт хийхдээ дээрх үнээс 1000-3000 төгрөгөөр хямдруулж авч байгаа аж. 
Бусад түүхий эдийн тухайд, адууны дэл сүүл нэг кг нь 10 мянган төгрөг, үхрийн хөөвөр 11 мянга, хонины арьс 1500-2000 төгрөгийн ханштай байна.
Баянхонгор аймаг ямаан сүргийн тоо толгойгоороо улсдаа тэргүүлдэг бөгөөд нийт мал сүргийнх нь 60 гаруй хувийг ямаан сүрэг бүрдүүлдэг байна.
                                                                                                                                              Б.Мөнхзул
Холбоотой мэдээ