Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-06 21:12:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Төрийн тэргүүнийг Өлгий хотын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан аймгийн удирдлагууд болон ард иргэдийн төлөөлөл угтаж авлаа.  

Тэрээр ажлаа аймгийн удирдлага болон төрийн байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзаж, Баян-Өлгий аймагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсоноор эхэлсэн юм. Аймгийн Засаг дарга А.Гылымхан сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд, аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Ерөнхийлөгчид товч танилцуулж, Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтэй 104 уугуул иргэний асуудал болон Өлгий-Өскемен чиглэлийн онгоцны нислэгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.   

Дараа нь Төрийн тэргүүн аймгийн Хөгжимт Драмын Театрт ард иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: "Монгол орны өнөөгийн байдал, ард иргэдийн амьдрал, ирээдүй ямар байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Иргэдийн амьдралыг сайжруулаасай, улс орноо хөгжүүлээсэй гэж дөрвөн жил болгон сонгууль хийсээр 1990 оноос хойш 28 жил болжээ. Монгол орон, иргэд маань өрөнд орсон байдалтай байсаар байна. Энэ талаар илэн далангүй ярьж, иргэдийн саналыг шийдвэр гаргагчдад хүргэх гэж ард түмэнтэй уулзаж байгаа" гэдгийг онцоллоо.

Уулзалтын үеэр иргэд Төрийн тэргүүнд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, мал сүргийг чанаржуулах, жижиг, дунд бизнес эрхлэгдчийг төрийн бодлогоор дэмжих, намаараа талцах, төрийн албан хаагчдыг улс төрийн шалтгаанаар ажлаас халахыг таслан зогсоох, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа явдлыг анхааралдаа авах, "Иргэний танхим"-ын статусыг тодорхой болгох зэрэг асуудлуудыг тавьсан юм.

Тухайлбал: бизнес эрхлэгч иргэн Р.Төлеу: "Төр засгаас бизнес эрхлэгчдэд санаа тавихгүй байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нуруун дахь хамгийн хүнд ачаа бол банкны зээлийн хүү юм. Би үйлдвэр, бизнес эрхлээд хорин хэдэн жил болсон. Энэ хорин жилийн хугацаанд миний газар, байшингийн бүх бичиг баримт нь банкны барьцаанд байдаг. Гэхдээ зөвхөн би биш, энд сууж байгаа бүх төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид ийм байдалтай байгаа. Гадаадын орнуудад бизнес эрхлэгчиддээ хүүгүй зээл олгож байхад манайд зээлийн хүү хоёроос дээш хувьтай байна. Энэ зээлийн хүүгийн асуудалд онцгой анхаармаар байна. Ядаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол илүү дэмжмээр байх юм" гэлээ.

Харин иргэн М.Азимхан: "Миний бие 79 настай. Монголын төрд тасралтгүй 34 жил зүтгэсэн. Тэтгэвэрт гарсны дараа амьдралын байдлаас шалтгаалан Казахстанд явж, удахгүй буцаад ирсэн. 2017 онд Казахстаны иргэншлээс гарч Монгол Улсын иргэний харьяатаа сэргээлгэхээр Ерөнхийлөгчид өргөдөл гаргасан ч хариу авч чадахгүй байна. Тэтгэвэр болон эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй 3-4 жил зовж явна. Баян-Өлгий аймагт над шиг олон хүн байгаа тул анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү" хэмээлээ. 

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн тавьсан асуултуудад хариулж, УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн гарсан саналуудыг хураангуйлж УИХ, Засгийн газарт уламжлахаа илэрхийллээ.

Мөн дэлхий дахинд "Бүргэдчин охин" хэмээн алдаршсан Н.Айшолпан өөрийн хөрөг зургаа Ерөнхийлөгчид бэлэглэж, ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Ө.Нурболат


Холбоотой мэдээ