Монгол тэргүүтэй улс орнууд "Бүс ба Зам"-ын "өрийн хавх"-нд орох эрсдэлтэй байна гэж АХБ анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-05-04 11:32:13
МАНИЛА. /Никкей/. Дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэхийн тулд Хятад улсын “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд хэт их зээл аван “өрийн хавх”-нд орохоос болгоомжлохыг Азийн хөгжлийн банкны  /АХБ/ тэргүүн олон улс оронд, тэдгээрийн дотор Монголд анхааруулсан тухай Японы “Никкей” сонин мэдээллээ.

АХБ-ны 51 дэх удаагийн жил тутмын уулзалт өчигдөр Филиппиний нийслэл Манила хотод тус банкны төв байранд болсон байна. Энэ үеэр тус банкны Ерөнхийлөгч Тахэхико Накао сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Хятадын “Бүс ба Зам” санаачлага нь Азийн улс орнуудын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгуудыг холбох чухал хөтөлбөр. АХБ-ны хувьд энэ санаачлагын хүрээнд Хятад улстай зохих ёсоор хамтран ажиллана. Гэхдээ энэ санаачлагын хүрээнд дэд бүтцээ сайжруулах зорилгоор хэт их зээл авахгүй байхыг би улс орнуудад анхааруулж байна.” гэжээ.

Т.Накао цааш нь ярихдаа “Тухайн төслүүдийн хэрэгжих боломжийг сайтар судалж, техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг нухацтай хийлгүйгээр улс орнууд хэт их зээл авбал зээлээ эргэн төлөхөөс эхлүүлээд олон асуудалтай тулгарах болно. Бид өрийн тогтвортой байдлын асуудлыг маш нухацтай авч үзэх хэрэгтэй.” гэсэн байна.

Түүнийхтэй адил анхааруулгыг Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард өнгөрсөн сард өгч байсан билээ. Хатагтай К.Лагард өнгөрсөн сард Хятадад хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хэдийн өрийн дарамтад ороод буй улс орнуудын нөхцөл байдлыг “Бүс ба Зам” санаачлага нь улам хүндрүүлж болзошгүй. Өр ихтэй улс орнууд санхүүгийн менежментийг маш болгоомжтой хийх нь чухал. Ингэснээр Хятад болоод “Бүс ба Зам” санаачлагад холбогдох улс орнуудын аль алиныг нь ирээдүйд санхүүгийн бэрхшээлд орохоос хамгаалах болно” гэсэн юм.

Хятад улс “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Ази болон Европын хооронд орших худалдааны маршрутуудын дагуу 8 их наяд ам.долларын өртөг бүхий дэд бүтэц барьж байгуулахыг зорьж байгаа билээ.

Мөн Вашингтон хотод төвтэй “Дэлхийн хөгжлийн төв” судалгааны байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Хятадын дэд бүтцийн энэ санаачлагатай холбоотойгоор нэмж өр хийсний улмаас  23 улс орон өрийн хямралд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа аж. Эдгээрээс найман улс орон, тэдгээрийн дотор Монгол, Мальдив, Пакистан, Лаос, Тажикистан болон Киргиз өрийн хямралд орох “илүү өндөр эрсдэлтэй байна” гэж тус байгууллага анхааруулсан байна.

2030 оныг хүртэлх хугацаанд Азийн дэд бүтцийг сайжруулахад 22.6 их наяд ам.доллар буюу жилд 1.5 их наяд доллар хэрэгтэй гэж АХБ тооцоолжээ.

 
Г.Доржханд
 

 

Холбоотой мэдээ