Аймгийн үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих, үнэлгээ хийх багийн ажиллах журмыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-30 11:54:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих, үнэлгээ хийх багийн ажиллах журмыг баталлаа.

Хяналт үнэлгээний баг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь заалтад заасны дагуу аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх ажлыг аймгийн төвшинд  хариуцан төр, захиргааны болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм. Мөн тухайн хөтөлбөрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах, сайжруулах, цаг хугацааны болон бусад шалтгаанаар хэрэгжих боломжгүй ажлыг төлөвлөгөөнөөс хасах саналаа аймгийн ИТХ-д мэдүүлэх, хуралдаанаар хэлэлцүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулахаар журамлажээ.  

Журамд зааснаар баг нь 17-гоос дээшгүй гишүүнтэй байх аж. Мөн эдийн засгийн хөгжил, бизнесийн орчин, нийгмийн үйлчилгээ, байгаль орчин зэрэг голлох салбаруудын хөгжлийн асуудлыг хариуцсан 5-аас доошгүй ажлын бүлэгтэй байхаар тусгасан байна.

"Дээрх журмын дагуу хяналт, үнэлгээний багийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулна. Багийн үйл ажилагаанд УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" хэмээн аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдэгдээд байна.

Ө.Нурболат


Холбоотой мэдээ