УИХ-ын чуулганы хуралдаан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-19 10:11:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 10.05 цагт эхэллээ. 

Чуулганы хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Уг дүгнэлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг хуулийн шаардлага хангаагүй байхад нь томилсон Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзсэн юм. Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг энэ сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байгаа юм.
Үндсэн хуулийн цэцийн уг 04 дүгээр дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ