Умард Солонгосын тал Өмнөд Солонгосын сэтгүүлчдээс хүлцэл өчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-02 16:52:22
ТОКИО. /РИА Новости/. Өчигдөр орой Пхеньян хотод болсон Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн тоглолтын танхимд орохыг хүссэн сэтгүүлчдийн нэвтрэх эрхийг хязгаарласантай холбоотойгоор Умард Солонгосын тал Өмнөд Солонгосын сэтгүүлчдээс хүлцэл өчжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

“Сэтгүүл зүйн үйл ажиллагаа болон чөлөөтэй зураг авалт хийх ажиллагааг хязгаарласан нь алдаа байжээ. Умард Солонгосын төлөөлөгчийн хувьд ийм алдаа гаргасандаа би хүлцэл өчиж байна” хэмээн Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мэдэгдсэн байна. 

Өчигдөр орой Пхеньян хотод болсон Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн “Хавар ирлээ” урлагийн тоглолтыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун гэргийн хамт үзэж сонирхсон юм. Концертын танхимд ганцхан камер оруулахыг зөвшөөрсөн ба Өмнөд Солонгосын сэтгүүлчдийг оруулаагүй байна.

Ким Жөн Ун нь Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн тоглолтыг биечлэн үзэж, тус уран бүтээлчидтэй уулзалт хийсэн Умард Солонгосын анхны удирдагч болж байна. 
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ