Д.Алтанцэцэг: 35 хоногоор тоолуур тасалсан тул цахилгааны төлбөр харьцангуй өндөр гарсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-05 13:23:59
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчид “Хоёрдугаар сарын хэрэглээний төлбөр өмнөх саруудынхаас өндөр гарлаа, эрчим хүчээр хангагч байгууллага бичилтээ буруу хийлээ” хэмээн өөрсдийн үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийлсэн. Олон нийтэд зөв мэдээлэл хүргэх үүднээс ямар учраас төлбөр өндөр гарав, үүнд цахилгаан эрчим хүчээр хангагч “Алтайн Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иас нөлөөлсөн үү гэдэгт тус байгууллагын Борлуулалтын хэлтсийн дарга Д.Алтанцэцэгээс хариулт авлаа.
 
-Сайн байна уу. Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёрдугаар сарын цахилгаан эрчим хүчний төлбөр их гарлаа хэмээн хэрэглэгчид санал гомдол нэлээд гаргаад байна. Үүнд хариулт өгвөл?
-Нийт хэрэглэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК маань өмнө нь сар бүрийн 15-ны өдөр хэрэглэгчдийн тоолуурын заалтыг авч ЦЭХ хэрэглэсний тооцоог хийдэг байсан. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Цагаан сарын баярын өдрүүд таарсан учир бичилтийнхээ хугацааг хойшлуулаад 2 дугаар сарын 20-ны өдөр тоолуурын заалт авсан. Өмнө нь тухайн сарын 15-ны өдрөөс дараа сарын 15-ны өдөр хүртэл 30 хоногийн тооцоо бодогддог байсан бол хоёрдугаар сарын төлбөр дээр 5 хоног нэмэгдэн 35 хоногийн тооцоо гарсан байгаа. Тиймээс цахилгааны төлбөр өмнөх саруудынхаас харьцангуй өндөр гарсан.
-Тэгэхээр дараа сарын тоолуурын заалтыг өмнөх сарын 5 хоногийг хасаад 25 хоногоор тооцож бичнэ гэсэн үг үү? 
-“Алтай–Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь компаний төлөвлөгөө, зохион байгуулалттай холбоотойгоор цаашид тоолуурын заалт авах хугацааг сар бүрийн 20-ны өдрөөр тогтсон байгаа. 20,21-ний өдрүүдэд тоолуурын заалтыг авч бичилтээ хийж  дуусган 23-ны дотор бичилтийн файлыг банкуудад илгээнэ. Үүний зэрэгцээ хэрэглэгчдэд төлбөрийн мэдээллийг мессежээр илгээх юм. Тоолуурын заалт авч бичилт хийх хугацааг бид зүгээр нэг санамсаргүй тогтоогоогүй. Эдийн засгийн тооцоолол, дотоод ажилтай холбоотойгоос гадна хэрэглэгчдийнхээ төлбөр төлөх боломжтой хугацааг судалсаны үндсэн дээр энэ хугацааг тогтоосон болно. Ер нь албан байгууллагуудын цалин ялангуяа төсвийн байгууллагуудын цалин сар бүрийн 25-ны өдрөөс хойш ордог учраас үүнтэй уялдуулж тогтоосон гэж ойлгож болно.
-Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн бичилтийн хугацаа хойшилсонтой холбоотойгоор хэрэглээний мөнгөө төлөх хугацаа хойшилсон уу?
-Өмнө нь бид сарын дундуур тоолуурын заалтаа авдаг байсан ба хэрэглэгчдийн  төлбөр төлөх хугацаа урт байсан. Энэ удаа бичилтийн хугацаа хойшилсоноор хэрэглэгчдийн  төлбөр төлөх хугацаа хойшилно гэж ойлгож болохгүй. Хэдийгээр энэ хугацаа өөрчлөгдсөн ч хэрэглэгчид тухайн сардаа төлбөрөө бүрэн төлсөн байх үүрэгтэй. Манай компани бүх хэрэглэгчтэйгээ ЦЭХ-ээр хангах гэрээ байгуулж хангагч, хэрэглэгч хоёр талын харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тусгасан. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн хэрэглээг Эрчим хүчний тухай хуулийн дагуу түдгэлзүүлэн алданги тооцно.
-Зарим хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний төлбөр дээр ямар хураамжууд нэмэгддэгийг нэг бүрчлэн мэддэггүй. Та задаргааг хэлж өгнө үү?
-Тиймээ. Ер нь бүх хэрэглэгчдийн цахилгаан хэрэглэсэн хэрэглээний  төлбөр дээр суурь хураамж гэж сар бүр 2200 /НӨАТ тооцсон/ төгрөг нэмэгддэг. Үүн дээр МҮОНРТелевизийн хураамж 850 төгрөг, төвийн болон Баяншанд багийн хэрэглэгчдэд хогны хураамж өвлийн улиралд 3000 төгрөг, зуны улиралд 2000 төгрөг нэмэгддэг. Түүнчлэн хэрэглэгчид өөрсдөө манай байгууллагад дуудлага өгөн ямар нэгэн үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөр нэмэгдэж тооцогддог.
                                                                                                     Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ