Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад эрчим хүчний хэрэглээг багасгах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-02-28 16:40:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөлөлтэй нүүр тулаад байгаа энэ цаг үед Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэлийн төлөвлөгөөг боловсруулахад салбар бүрийн саналыг харгалзаж үзэх, донор орнуудын туршлагаас судалж, эш авсан чухал хэлэлцүүлгүүд өнөөдөр болж өндөрлөлөө.

Хэлэлцээрт оролцогч талуудын баталсан гэрээний биелэлтийг шалгах нэгдсэн чуулган 2023 онд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Үүнээс үзвэл Үндэсний түншлэлийн төлөвлөгөө нь дан ганц баримт бичиг гэхээс илүү улс орнуудын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүх нийтийн хүсэл эрмэлзлийг хэрхэн нэмэгдүүлэх тухай өргөн агуулгатай юм.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой Монгол Улс үндэсний хэмжээнд 2014 онд Ногоон Хөгжлийн бодлого, 2015 онд Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого зэргийг баталсан. Мөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн чадавхи улсын хэмжээнд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 7.62 хувьтай тэнцэж байгаа бол ирэх 2020 онд 20, 2030 онд 30 хувьд хүргэх, Барилгын дулаан алдалтыг 2014 онтой харьцуулахад 2020 онд 20 хувиар, 2030 онд 40 хувиар бууруулах, ДЦС-ын дотоод эрчим хүчний хэрэглээг 2014 онд 14.4 хувь байсныг 2030 онд 9.14 хувьд  хүргэж багасгах зэрэг зорилт багтаажээ.

Мөн тээврийн хэрэгслүүдтэй холбоотой 2023 он гэхэд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөнийг 30-40 хувь хүртэл бууруулах, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн худалдааг дэмжих зэрэг зорилт бүхий  Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх  хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2015,  Дунд хугацааны хөгжлийн бодлого-2010 зэрэг баталж байсан.  

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хууль санаачлах, батлах тухай асуудалд семинарт оролцогчдын дийлэнх хэсэг нь эрхзүйн баримт бичиг шинээр шаардлагагүй гэсэн байр суурьтай байсан бол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой санхүүжилтэд нарийвчилсан судалгаа, үр дүнгийн баталгаа шаардлагатай учир үүнтэй холбоотой  судалгааг илүү гүнзгийрүүлэх хэрэгцээтэй байгааг хэлж байлаа. 

Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх буюу Монгол дахь жижиг дунд үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн оролцоотойгоор Парисын гэрээний зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрөөс санхүүжилтийн чиглэлийг өөрчлөх тэр дундаа хувийн хэвшилд илүү төвлөрүүлэх нь өндөр үр дүн авчрах тухай олон санал дэвшүүлсэн. 

Эцэст нь уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг нэрлэв. Үүнд: 

  • Санхүүжилтийн бэрхшээл
  • Дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Гамшгийн эрсдэл болон зохион байгуулалтын сул хөгжсөн байдал зэрэг гадаад хүчин зүйлс
  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрх зүйн орчин
  • Хувийн хэвшил болон Засгийн газар бусад салбаруудын хамтын ажиллагааны хязгаарлагдмал байдал
  • Мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн хомс байдал
  • Хяналтын системийн үр дүн бага байгаа зэрэг нь гэрээний зорилтыг биелүүлэхэд тулгарч байгаа ажээ.



О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ