"Лэндмн"-ийн хувьцааг арилжаалахыг зөвшөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-09 16:51:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцох, худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

 Мөн нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэхээр боллоо. Үүнээс 12.5 хувийг нь буюу 100 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон, мөн 12.5 хувь буюу 100 сая ширхэгийг тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад тус бүрийг нь 25 төгрөгийн тогтоосон үнээр худалдахыг зөвшөөрчээ.

Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар олон нийт болон тодорхойлсон хөрөнгө оруулагчдад хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм.

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Мирэ эссет секьюритис Монгол” ХХК, аудитын үйлчилгээг “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ эстимэйт” ХХК тус тус үзүүлж байна.


Холбоотой мэдээ