“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөл IPO гаргах үйл явцтай холбоотой мэдээлэл авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-08-13 15:06:02

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Р.Очбадрах тэргүүтэй мэргэжилтнүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн П.Нямдорж, Бүртгэлийн албаны Бүртгэл хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин нар оролцож, хөрөнгийн зах зээлийн ерөнхий мэдээлэл, чиг хандлага, IPO гаргах үйл явцад оролцогч мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хууль эрх зүйн орчин, үнэт цаасны бүртгэлийн журам, үнэт цаас бүртгүүлэх үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Үүний зэрэгцээ Монголын хөрөнгийн бирж нь 2022 онд IPO гаргаж, нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгон амжилттай арилжсан туршлагаасаа хуваалцсан аж.


Ашигт малтмалын тухай хуульд "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина" гэж заасан. Энэ дагуу Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаас төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийн тоог үе шаттай 20 хувиар бууруулж 87 болгох боломжтой талаар хэлэлцэж, Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох үүрэг даалгаврыг зохих нэгжүүдэд өгөөд буй.



Холбоотой мэдээ