Йеменд байлдааны ажиллагаа эрчимжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-08 11:53:41

САНА. /Reuters/. Арабын улсуудын хүчнийхэн болон босогчид хоорондын байлдааны ширүүн ажиллагааны хөлд Йемен нэрвэгдэж байна. Энэ нь энгийн номхон иргэдэд улам сөргөөр нөлөөлж болзошгүй гэж хүмүүс эмээх нь нэмэгдэж байна.

Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн засгийн газрыг дэмжиж буй Арабын улсууд “Хусит” бүлэглэлийн босогчдын эсрэг ажиллагаагаа эрчимжүүлсээр байгаа аж.

Энэ оны гуравдугаар сард агаараас цохилт өгч эхэлсэн Арабын улсууд Йемений өмнөд нутгийн боомт хот Аден болон бусад газар нутгийг нь чөлөөлөхийн тулд хуурай замын цэргүүдээ нэмж байрлуулсан юм.

Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ болон суннит эрх баригчидтай бусад улс Йемений нийслэл Сана хотыг чөлөөлөхийг оролдож байна.

Йемений төвийн нутгийн Мариб хотын зэвсгийн агуулах руу босогчид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт пуужин харван АНЭУ-ын 45 цэрэг, Саудын Арави болон Бахрейны 15 цэргийг хөнөөжээ.

“Хусит”-ынхан огт ухрах шинжгүй байна.

Йеменд мөргөлдөөний улмаас 4500 гаруй хүн, тэдний дотор энгийн номхон иргэд амь үрэгдээд байгаа билээ. Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд