Аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулахыг дэмжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ны өдөр эхэлсэн аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан хоёр хоног завсарлаж, өнөөдөр 15:00 цагаас үргэлжлүүлэн хуралдлаа. Хуралдаанд 39 төлөөлөгчийн 36 нь оролцож байна.
Хуралдаанаар хурлын дэг, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Засаг даргыг огцруулах асуудлыг эхний ээлжид хэлэлцлээ.
Аймгийн ИТХ дахь АН-ын нэр бүхий 16 төлөөлөгч аймгийн Засаг дарга А.Гылымханыг "хууль зөрчиж өөртөө хоёр орлогч томилсон, хүмүүсийг ажлаас хууль бусаар халсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, ашиг сонирхлын зөрчилд автагдсан, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэж үзэж, түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өнгөрсөн 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн бариад байсан юм. Харин аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдрийн хуралдааны үеэр дээрх хууль зөрчсөн гэх асуудлуудыг үндэслэлгүй хэмээн няцааж, "бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй" гэлээ.
Хурлын төлөөлөгчид "аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжих" томьёоллоор санал хураалт явуулж 57,1 хувийн саналаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилуулахыг 55,5 хувийн саналаар тус тус дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилахаар боллоо.
Хуралдаан үргэлжилж байна.
Ө.Нурболат