Муаммар Каддафийн хүү ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-18 17:45:00
ТРИПОЛИ./ТАСС/. Ливийн Ерөнхийлөгч агсан Муаммар Каддафийн хүү Сейф аль-Ислам Каддафи ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр, түүний хэвлэлийн албаны төлөөлөгч Басем аль-Хашими аль-Суль мэдэгдэхдээ “2018 оны дундуур болох ерөнхийлөгчийн сонгуульд Сейф аль-Ислам Каддафи нэр дэвшинэ. Ойрын хугацаанд тэрбээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах болно” гэжээ.

2011 оны 11 дүгээр сард Сэйф аль-Исламыг Нигертэй залгаа хилээр машинаар зугтааж байхад нь Зинтан хотын босогчид баривчилсан юм. 2011 оны 2 дугаар сарын 17-ны хувьсгал гэгдэх Муаммар Каддафийн эсрэг бослогын үеэр "Ливийн ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн" гэх үндэслэлээр түүнд эзгүй хойгуур нь буюу 2015 оны долдугаар сарын 24-нд Триполи хотын давж заалдах шатны шүүх цаазын ял оноосон юм. Гэсэн хэдий ч зинтанчууд Ливийн эрх баригчдад түүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж, 2017 оны долдугаар сарын эхээр сулласан юм.

Өдгөө 44 настай Сейф аль-Ислам бол М. Каддафийн ууган хүү бөгөөд эцгийгээ "залгамжлах хүн" гэгддэг байв. Тэрбээр архитектор болон инженер мэргэжлээр Австри болон Их Британид боловсрол эзэмшсэн нэгэн юм. Мөн Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийг дүүргэсэн аж.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ