Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г эхлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2017-12-13 15:59:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд 30 тоннын хүчин чадал бүхий алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. 

Монголбанкны  Ерөнхийлөгч болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийн судалгааг хийх ажлын хэсэг байгуулжээ.
Тус ажлын хэсэг техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.

Сүүлийн жилүүдэд алтны салбарын хууль эрх зүй, татварын орчин сайжирснаар алт тушаалт тогтвортой өсч байгааг албаныхан онцолсон юм.

Тодруулбал 2012 онд алтны олборлолт 5.9 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 20 тонн болж өсөхөөр байгаа аж.  “Алт-2” хөтөлбөрт тусгаснаар алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар 2020 онд 25 тонн-д хүргэх зорилт дэвшүүлжээ.

Судалгаагаар алт олборлолтын таамаглалыг 2021 онд 28.4 тонн, урт хугацаанд буюу 2025 онд 47.5 тоннд  хүрэх боломжтой гэж үзжээ.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ