Баян-Өлгийн нийт ажилгүйчүүдийн 68 хувь нь аймгийн төвд оршин сууж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-13 09:28:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийт ажилгүй иргэдийн 68.7 хувь нь Өлгий хотод оршин суудаг хэмээн өчигдөр болсон "Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны ажлын үр дүнгийн талаар санал солилцох, явцын тайлан хэлэлцэх" хэлэлцүүлгийн үеэр  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Герман Улсын GFA компанийн хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Баруун бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд саяхан Баян-Өлгий аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон болон чанарын судалгаа хийгджээ. Уг ажлыг Швейцарын Хөгжлийн Агентлаг санхүүжүүлсэн аж. Судалгаагаар тус аймагт 7363 ажилгүй хүн байна гэсэн дүн гарчээ. Үүний 5062 нь аймгийн төвд, 2301 нь хөдөө сумдад бүртгэгджээ. Мөн 1229 хүн төв суурин газарт шилжин суурьшсанаас ажилгүй болсон, 852 иргэн дээд сургуулиа төгсөөд ажилгүй байгаа талаар судалгаанд дурдагджээ. 

Эдгээрээс 1072 хүн л сумдын Засаг даргын Тамгын газар болон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлжээ. Эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн зах зээлд ажлын байр, сул орон тоо гаргаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг дээрх судалгааны дүнг үндэслэн мэргэжлийн хүмүүс гаргасан байна.   


Ө.Нурболат

Холбоотой мэдээ