Түвдийн салан тусгаарлагчдыг дарахыг уриаллаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-09-08 10:32:27

ЛХАС. /Xinhua/. Түвдийн салан тусгаарлах үзэлтнүүдийн хүчнийг нухчин дарж, 14 дүгээр Далай ламын бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд бэлэн байхыг Түвд дэх цэрэг, цагдаа, шүүхийн ажилтнуудад БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтан Юй Жөншөн сануулав.

Түвд дэх Ардын чөлөөлөх арми, Ардын зэвсэгт цагдаагийн хүчин, шүүх байгууллагуудын төлөөлөгчдөд хандан Юй үг хэлэхдээ, хуулийн дагуу Түвдийн засаг захиргааны чадавхыг сайжруулах, ялангуяа, салан тусгаарлах үзэлтнүүдын хүчнийг дарах, нийгмийн удирдлагыг чангатгах, ард иргэдийн эрхийг хамгаалахыг уриалсан байна.

Тэднийг /төлөөлөгчдийг/ зөв "улс төрийн чиглэл"-ийг баримталж, хилийн тогтвортой байдлыг хамгаалах болон үндэсний эв нэгдлийг хангахад томоохон үүрэг гүйцэтгэх ёстой гэж Лхас дахь Түвдийн өөртөө засах орон үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх БНХАУ-ын төв Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Юй мэдэгдэв.

Бүх Хятадын ардын зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны дарга Юй, Түвдийн долоон газарт байрладаг тогтвортой байдлыг дэмжих-командлалын төвүүдийн ажилтнуудад баярын мэнд дэвшүүлсэн байна.

Түвдийн асуудал нь үндэсний стратеги, үндэсний эв нэгдэл, БНХАУ-ын Коммунист намын эрх барих статусыг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг болохыг Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Юй мэдэгдсэн байна.

Түвдийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй цагдаа, арми, шүүх байгууллагын ажилтнуудыг тэрбээр сайшаан, ард түмэн болон Хятадын Коммунист намын итгэл найдварыг хүлээсэн хүчирхэг баг хамт олон байхыг тэдэнд уриалжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд